Ажлын байран дахь нөхөрлөл нь ажилтнуудын энгейжментийг өсгөх нь

January 1, 2024 Admin Comments Off

Танд ажил дээрээ хамтдаа ярилцаад суух дуртай, хамтдаа цайндаа ордог, бүх зүйлээ хамт хийх хандлагатай ажлын хамтрагч, ах, эгч, дүү байдаг уу? Өөрөөр хэлбэл танд ажлын сайн найз байдаг уу?

Ер нь нөхөрлөл олон талын ач холбогдолтой. Маслоугийн хэрэгцээний шатлалд “хайрлах/хайрлуулах” нь бидний оршин тогтнох нэг чухал үндэс болохыг харуулдаг. Бид бүлгийн харьяалалд орохыг байгалиасаа эрмэлзэж, амьд үлдэхээс эхлэн цэцэглэн хөгжих хүртэл бүхий л үед бусад хүмүүстэй салшгүй холбоотой байдаг нийгмийн амьтад шүү дээ.

Өсвөр насны хөвгүүдийн дунд хийсэн нэгэн судалгаагаар ойр дотно нөхөрлөлгүй (нууцаа дотроо хадгалж, аливааг бие даан тайлахыг хичээдэг) хүмүүс сэтгэлийн гүн хямрал ихтэй байдаг болохыг харуулжээ. Бие махбодын эрүүл мэндэд ч бас нөхөрлөл нөлөөлдөг юм байна.

Швед эрчүүдийн дунд явуулсан судалгаагаар “нийгэмд тогтвортой байр суурь эзэлсэн” болон “бусадтай сэтгэлийн холбоос үүсгэж чадсан” эрчүүдэд зүрхний титэм судасны өвчлөл бага байсан.

Нөхөрлөлийн ашиг тус ажлын орчинд ч мөн байдаг.

Ажил дээрээ найз нөхөдтэй байхын ашиг тус

2022 оны “Gallup”-ийн дата мэдээллээс харахад – ажлын найзууд одоо үед хэзээ хэзээнээс илүү чухал болсон байна. Цар тахлын дараах үе болон зайнаас ажиллах болсонтой холбоотойгоор ажлын стресс нэмэгдэж буй энэ үед хүмүүс ажлын найз нөхдийнхөө дэмжлэгт хэзээ хэзээнээс илүү найдах болсон гэсэн дүр төрх харагдаж байна.

Ажлын байран дахь нөхөрлөлөөр дамжин нэмэгддэг зүйлс:

  • Аз жаргал: Найз нөхдийнхөө хажууд байх нь биднийг аз жаргалтай болгоод зогсохгүй сэтгэлээ уудалж ярих шаардлагатай үед нэгнээ сонсож, стрессээ тайлахад тусалдаг.
  • Ажлын бүтээмж: Их Британийн ажилчдын 57% нь ажил дээрээ найзтай байх нь ажлын бүтээмж, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг гэжээ.
  • Хамтын ажиллагаа: Нөхөрлөл нь санаа бодлоо хуваалцах, бусдаас дэмжлэг авахад хялбар болгож, багийн шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг.
  • Тогтвор суурьшилтай ажиллах: 6-аас дээш ажлын найзтай ажилтнуудын 66% нь компанидаа хайртай гэж хэлсэн бол ажлын найзгүй хүмүүсийн ердөө 24% нь компанидаа хайртай гэсэн байна.
  • Аюулгүй байдал: Ажлын байранд нөхөрлөлийг мэдрэх нь багийн гишүүдийн биеийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.

Ажлын байрны нөхөрлөлийг хэрхэн бий болгох вэ?

Ажил дээрээ хэрхэн найз нөхөдтэй болох талаар та сайн мэдэхгүй байж магадгүй. Дэйл Карнеги найз нөхөдтэй болох бүх нууцыг мэддэг хүн байсан (тэрээр хамгийн алдартай номоо үүн дээр л үндэслэн бичсэн). Найз нөхөдтэй болох нь хэн нэгний нэрийг санахтай адил энгийн зүйл гэдгийг ойлгох нь хамгийн эхний алхам гэж тэрээр хэлсэн байдаг.

Тэрээр мөн “Бусад хүмүүс таныг сонирхох зүйл хийхээс илүүтэйгээр та бусдыг сонирхож эхэлснээр 2 сарын дотор 2 жилд бий болж болохоос ч илүү олон найз нөхөдтэй болно” гэж хэлсэн байдаг. Асуулт асууж, хүмүүстэй танилцах хэрэгтэй. Мөн бусдад нээлттэй хандаж байгаарай, энэ нь тэднийг танд нээлттэй байхад нь дөхөм болно.

Ажлын байран дахь нөхөрлөлийг дэмжихийн тулд удирдлагууд юу хийж чадах вэ?

Сэтгэл зүтгэлтэй ажилтан бий болгохын тулд ажлын байран дахь нөхөрлөлийг идэвхтэйгээр дэмжих нь чухал. “Gallup”-ийн дата мэдээллээс харахад багуудын хоорондын энгейжментийн ялгаатай байдалд хамгийн их нөлөөлдөг зүйл бол тухайн багийг удирдаж буй хүн байсан. Тиймээс удирдлагууд өөрсдөө манлайлал, үлгэр дуурайллыг үзүүлж баг дотор нөхөрлөлийг цэцэглүүлэх эсвэл цэцэглэх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийх хүн нь юм.

  • Хэлэхийн оронд хийж үзүүл

Менежерүүд болон захирлууд өөрсдөө хийж үзүүлж үлгэр дурайлал үзүүлэх хэрэгтэй. Нөхөрлөлийн ашиг тусыг дурдахаас гадна ил тод харагдах, мөн нөхөрлөл бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

  • Ажлын хамтрагч найз томил

Шинээр ажилд орсон ажилтанд ажлын найз, зөвлөгч хүнийг томилж өгснөөр дасан зохицоход нь дөхөмтэй болохоос гадна цаашид дотно нөхөрлөх боломжийг нь нээж өгнө. “Microsoft-“оос хийсэн нэгэн судалгаагаар ажилд орсны эхний 90 хоногт ажлын найзтай болсон ажилтнуудын 97% нь илүү бүтээмжтэй болсон гэж хариулсан байна.

  • Биечлэн уулзалд

Хүмүүс амьдралынхаа гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг. Энэ цаг хугацааг бид аз жаргалтай өнгөрөөх эрхтэй. Нөхөрлөл бидэнд баяр баясал, дурсамж, аз жаргалыг авчирдаг. Тиймээс нөхөрлөлийг дэмжих нь чухал, мөн заримдаа нөхөрлөх боломжтой арга хэмжээнүүдийг зориудаар ажилтнуудынхаа дунд зохион байгуулах хэрэгтэй. Учир нь энэ үед ажлаас арай өөр харилцаа буюу нөхөрлөл нь хамт сууж ярилцаж, бие биеэ танихаас эхэлдэг.

  • Хувь хүний хөгжлийг дэмж

Зарим хүмүүс ажлын байран дээрээ найз нөхөдтэй болж чаддаггүй. Эдгээр ажилчдыг дэмжинэ гэдэг нь хувь хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Тэд харилцааны ур чадварт суралцаж байгаа эсвэл бизнест хэрхэн найз нөхөдтэй болох талаар суралцахыг зорьж байгаа эсэхээс үл хамааран хувь хүний хөгжил нь хүмүүст өөрсдийнхөө бүрхүүлээс гарч, илүү олон хамтран ажиллагсадтай найзлахад тусалдаг.

Ажил дээрээ найз нөхөдтэй байх нь амжилтад хүрэхэд чухал үүрэгтэй. Та өөрөө ч бусадтай нөхөрлөх тал дээр ажилла, бусад хүмүүсийг ч мөн адил ажил дээрээ найз нөхөдтэй болоход нь тусал. Үүнийг хийснээр танай байгууллагын ажилтнуудын энгейжмент өсөх болно.

Нийтлэлийг бичсэн: Дэйл Карнеги Трэйнингийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Жой Харт