Бусдын хүндлэлийг олох 7 арга

December 14, 2022 BMX Comments Off

Бусдын хүндлэлийг хүлээсэн хүн ямар ч ажлын орчин нөхцөлд эерэг уур амьсгалыг түгээж багийн хамтын ажиллагааг сайжруулан гүйцэтгэлийг нэмэгдүүлж байдаг. Хүндлэл хэзээ ч зүгээр хүрээд ирдэггүй харин өөрөө олж авдаг. Аливаа багийн хүмүүс удирдлагынхаа ажлын арга барил эсвэл ямар нэг ур чадварыг нь үнэлдэг байж болох юм. Гэвч бусдын хүндлэлийг хүлээнэ гэдэг үнээс илүү өргөн ойлголт юм. Зөвхөн ямар нэг ур чадвар, арга барил эсвэл албан тушаалаар бус харин хувь хүнийхээ хувьд бусдын хүндэтгэлийг хүлээж чадвал энэ жинхэнэ утгаараа хүндлэл олж авлаа гэсэн үг. Бусдын хүндлэлийг олж авахад тань туслах 7 зөвлөгөө энд орууллаа.

1. Эелдэг байгаарай.

Өглөөнөөс орой хүртэл ямар нэг байдлаар харьцсан хүн бүхэнтэй эелдэг харьцаарай. Мэдээж хэлэхээс хийх нь хэцүү, ялангуяа санамсаргүй азгүйдэл, хэцүүхэн өдөр тохиолдох үед найрсаг байна гэдэг тун бэрх. Та бусдад хүндлэгдэхийг хүсэж байгаатай адил бусад хүн мөн хүндлүүлэхийг хүсдэг. Бусдаас авахыг хүсэж буй хүндлэлээ бусдад үзүүлээрэй, мөн эелдэг байдлаа харуулах боломжийг бүү алдаарай. Кофе шопын үүдэнд ардаа байгаа хүндээ хаалга нээж өгөөрэй эсвэл дэлгүүрийн кассын хажууд нэг ширхэг бараатай хүнийг урдаа оруулаарай. Инээмсэглэ мөн боломж олдох болгонд баярлалаа гэж хэлж байгаарай.

2. Хүндэтгэлтэй хандаарай.

Хэн нэгэнтэй харилцаж байхдаа нүдээ эргэлдүүлэх, утсандаа илүү анхаарал хандуулах эсвэл өөр хүнтэй давхар ярих гэх мэт хүндэтгэлгүй үйлдлүүдийг хийхгүй байхыг хичээгээрэй. Эдгээр үйлдлүүд нь таны харилцаж буй хүнийг үл хүндэтгэсэн мэдрэмж төрүүлэх төдийгүй цаашдын оролцоо, асуудлыг шийдвэрлэхэд саад болж, байнгын хаалтыг үүсгэх магадлалтай. Үүний оронд хүндэтгэлтэйгээр сонсох орчин бий болго. Хэн нэгний санаа, үзэл бодолтой санал нийлэхгүй байсан ч хүн бүрийг сонсох ёстой гэсэн зарчмыг баримтлахыг хичээгээрэй. Яагаад гэвэл хэрвээ танд ямар нэг асуудал тулгараад түүнтэй холбоотой хэлэх зүйл байгаа ч хэлж чадахгүй өнгөрчихвөл ямар байхыг бодож үзээрэй.

3. Сайн сонсоорой.

Бусдыг сонсох гэдэг нь сонсогдож байгаагаасаа илүү хичээл зүтгэл шаарддаг. Тухайн хүний хэлэх гэж байгаа санааг нь ухаж ойлгоод өөрийн үзэл санаа, бодлоо илэрхийлэх замаар идэвхтэйгээр сонсоорой. Ихэнхдээ нэг хүний хэлсэн үг яриа өөр нэгний бодолд сэдэл төрүүлж тэр хүн нь ижил төстэй түүхээ хуваалцдаг. Өөрийн түүхээ ярих гэж яарахаас илүүтэйгээр ярьж буй хүнээс асуулт асууж илүү их яриулаарай. Сонсох чадвараа дадлагажуулан сайжруулснаар та бусдад чухал гэдгийг нь мэдрүүлэх болно.

4. Тусч байгаарай.

Бусдад туслахад үргэлж бэлэн байдаг, хэрэгтэй үед нь тусалж байсан хүнийгээ хүмүүс хүндэлдэг бас тусыг нь санаж явдаг. Өмнө нь анзаараагүйгээс тусалж чадаагүй зүйлдээ дараагийн удаа туслахад бэлэн байгаарай. Санаачилгыг гартаа авч тусламж гуйхыг нь хүлээлгүйгээр тусалж байгаарай. Тэгж чадвал өдөрт бодож байснаасаа олон удаа бусдад тус хүргэж чадах болно.

5. Шалтаг тоочихоос зайлсхийгээрэй.

Үйлдэл бүхэн хийсэн сонголтоос улбаатай учир шалтаг тоочих нь өөрөө утгагүй зүйл юм. Хэрвээ та хоцорсон бол ихэнхдээ цагаа зөв зохицуулж чадаагүйтэй л холбоотой байдаг. Хэрвээ та ажлаа цагтаа амжуулж дуусгаагүй бол тухайн ажилдаа анхаарлаа хандуулаагүй эсвэл шаардлагагүй зүйлд цагаа зарцуулсантай холбоотой байх магадлалтай. Ямар ч тохиолдолд шалтаг тоочих нь харилцааг таагүй уур амьсгал руу аажмаар хөтөлж байдаг. Алдаагаа ухамсарлаж, шалтаг тоочихын оронд тэдгээрийг даван туулах боломжийг эрэлхийлээрэй.

6. Уур хилэнгээ азнаарай.

Уур хилэнгээ удаан хадгалах нь өөрийн биеийг л зовооно. Түр зуурын уур бол байж болох ч цааш үргэлжлүүлэхгүйгээр тухайн асуудлыг орхиж сурах хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд анхаарлаа улам хандуулах нь тус болохгүй. Стресс сэтгэл түгшлийг бий болгодог, цаашлаад эрүүл мэндэд муугаар нөлөөлөх боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Хэн ч төгс биш учир хааяа алдаа гаргах нь бий. Алдаа гаргасан гэмшил, сэтгэлийн сөрөг байдлаас гарахын тулд эерэг зорилт тавьж түүндээ төвлөрч бусдыг болон өөрийгөө хөгжүүлээрэй.  Уучил тэгээд март.

7. Өөрчлөгдөхөд бэлэн байгаарай.

Зөрүүд байх нь таныг сайн үр дүнд хөтлөхгүй. Хувьслын үйл явц нь өөрчлөлтийг шаарддаг гэдгийг ойлгоорой. Хувь хүн болж өсөхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ингэхдээ шинэ ур чадвар эзэмшиж, шинэ арга барилаар ажиллаж үзэж болох юм. Мөн автоматаар өөрийн мэдэлгүй хийчхээд байдаг үйлдлүүдээ дахин нэг анзаарах өөрчлөгдөх эхлэл байдаг. Өөрийнхөө илүү сайн хувилбар болох замдаа ахиц дэвшил гаргаж байгаад өөртөө баяр хүргэхээ бүү мартаарай.