Манлайлал гэж юу вэ?

January 1, 2024 Admin Comments Off

Байгууллагын зорилгыг таниулж, хүмүүсээ тэрхүү зорилгод нэгтгэн, уриалснаар, энгэйжментийг бий болгон түүнд суурилсан хүчирхэг харилцаагаар дамжуулан бусдыг хөдөлгөж, тэдэнтэй хамт амжилтад хүрэхийг “удирдахуйн ухаан” хэмээн бид итгэдэг. Гарамгай удирдагч нар хүмүүсээ эрч хүчээр өрдөж, авьяас билгийг нь нээн, үйл хэрэгтээ татан оролцуулдаг учраас сулхан удирдагчдыг амжилтаараа хол хаядаг.

“Манлайлал” бол “менежментээс” ялгаатай ойлголт. Аливаа ажлыг гүйцэтгэх үйл явцыг “менежмент” гэх бол бусдыг сэтгэлээр нь байлдан дагуулах нь “манлайлал” юм. Байгууллагад аль аль нь амин чухал үүрэгтэй, харин аль нэг нь доголдоход хүндрэл үүсдэг. Бид дэлхий дээрх бараг бүх амжилттай яваа удирдагчдыг судлан, гайхалтай удирдагчдыг эгэл нэгнээс ялгадаг нийтлэг чанаруудыг тодорхойлсон билээ.

Шилдэг удирдагчид:

  1. Ирээдүйн төлөө хариуцлага хүлээдэг
  2. Итгэлцэл дүүрэн орчныг бий болгодог
  3. Хамтран ажиллах соёлыг бүтээдэг
  4. Харилцааны өндөр ур чадвартай
  5. Итгэл даах чадвартай

Эдгээр чанарууд удирдагч төдийгүй, баг хамт олон цаашлаад байгууллагын амжилтад чухал нөлөөтэй. “МАНЛАЙЛ” хэмээх нэртэй энэхүү бүтээл маань яг л үүний тухай юм. Дээрх таван чанарыг бид дэлгэрүүлэн судалж, гайхалтай үр дүнд хүргэх түлхүүр энд агуулагдаж байгааг харуулахыг зорьсон юм.

Түүнчлэн, удирдагчийн үр нөлөөг нэмэгдүүлдэг хувийн чанарууд болон бусдад байдаг шинж чанарыг гаргаж ирэхэд энэ ном танд туслах болно. Зөвхөн байгууллагын соёлын нөлөөгөөр ямар үр дүнд хүрч, салбартаа танигдсан удирдагч болох боломжтойг та энэхүү номоос уншаарай.

Энэ бүхнийг нэгтгээд хэлэхэд, удирдлага гэдэг бол хүний хичээл зүтгэл юм. Дэйл Карнегийн Хүний Харилцааны зарчмууд бидэнд холбогдох, нэгдэх, хамтрах зорилгоор бусдыг манлайл хэмээн сургадаг. Амжилттай удирдагч болохын тулд бид гүйцэтгэлийн хэрэгцээг хүний хэрэгцээтэй нэгтгэн, хослуулах хэрэгтэй. Энэ бүх төрлийн манлайлалд хамаатай юм шүү.

Энэхүү номд бид хүмүүсийн хувийн хэрэгцээ шаардлага, хүсэл зорилгыг орхигдуулалгүй ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх тэнцвэртэй удирдлагын арга ухааныг заах болно. Энэ бүгд манлайлалд үзүүлэх хүний хүчин зүйлсийг ойлгож, мэдэхээр хязгаарлагдахгүй. Тэрхүү мэдлэгээ ашиглах боломжуудыг идэвх санаачилгатайгаар эрэлхийлж, эргэн тойрны хүмүүсээ чадавхжуулахад гол санаа нь оршино. Эцсийн эцэст бид хүмүүсийн л төлөө манлайлдаг шүү дээ. Энэ ном танд мэдээлэл, мэдлэг олгоод зогсохгүй, тэдгээрийг хэрэгжүүлснээр оролцоо сайтай, үнэнч, хүсэл тэмүүлэлтэй, өндөр бүтээмжтэй, хүчирхэг багийг бүрдүүлэхэд тань тусална…

Үргэлжлэлийг “LEAD!” буюу “Манлайл” номоос уншаарай.