Амжилттай тохиролцох 6 алхам

January 10, 2024 Admin Comments Off

Хүүхэд байхаасаа л бид янз бүрийн #тохиролцоо солилцоо хийж өссөн. Бөглөө, марк болон элдэв зураг гээд л. Нас биед хүрээд нийгмийн харилцаанд ороод эхлэхээр бид өдөр тутамдаа л янз бүрийн хэлэлцээр хийж тохиролцоонд хүрдэг. Худалдаа наймаа хийхдээ, үр хүүхэд хань ижил, найз нөхөдтэйгээ юу хэзээ хийхээ ярилцах үед эсвэл ажил дээрээ гэрээ хэлэлцээр хийх үед гэх мэт.

Эдгээр харилцаа, үйл явдлууд бидэнд туршлага болж бидний хэлэлцээр хийх амжилттай тохиролцох ур чадварыг хурцалж байдаг. Гэсэн хэдий ч бид гэрээ хэлэлцээр тохиролцоо болгоны дараа хангалттай илүү сайн байж болох байсан талаар эргэцүүлдэг. Харилцан ашигтай тохиролцоо хийж чаддаг байх энэхүү ур чадвар нь амжилттай явахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс харилцан ашигтай тохиролцоо хийхэд туслах 6 алхмыг санал болгож байна.

Юу хүсэж байгаагаа мэдэх — Байгууллагаа, хамт олноо эсвэл гэр бүлээ төлөөлж байгаагийн хувьд, үр дүн нь ямар байхыг хүсэж байгаагаа уулзалт эхлэхээс өмнө мэдэж байх нь маш чухал. Юу хүсэж байгаа болон яагаад хүсэж байгаа тухайгаа бодох хангалттай хугацаа гарах хэрэгтэй. Ингэхдээ гарах үр дүн санхүүгийн хувьд, сэтгэл хөдлөл оюун санааны хувьд болон биет байдал талаасаа ямар байх гээд олон талаас нь харахыг хичээгээрэй.

Нөгөө тал юу хүсэж байгааг мэдэх — Нөгөө тал бас мөн гарах үр дүнгийн урьдчилсан төсөөлөлтэй байна. Тиймээс ямар үр дүн хүсэж байгааг нь урьдчилан таамаглахыг оролдох нь зүйтэй. Өмнөх алхамтай адил нөгөө талын хүсэж буй үр дүнг олон талаас нь харахыг хичээгээрэй.

Тулгарч болох эсэргүүцлийг урьдчилан таамаглах — Хэлэлцээр хийх үед зарим тохиолдолд асуудал үүсдэг. Таны удирдлага, хамтрагч эсвэл нөгөө талын хэн нэгний зүгээс эсэргүүцэл үзүүлэх нь элбэг тохиолддог учир урьдчилан бэлдсэн тохиолдолд давж гарахад хялбар байх болно.

Өгөө аваатай байх боломжуудаа тодорхойлох — Ямар зүйлээ дээр бууж өгөх болон ямар зүйлээ хамгаалж үлдэх вэ? гэдгээ тодорхойлох. Хэлэлцээр тохиролцоо олон хийгээд ирэхээр дандаа зөвхөн өөрт ашигтайгаар дуусдаггүй юм байна гэдгийг ойлгож эхэлдэг. Тохиролцоо гэдэг бол өгч авахын нэр юм. Тиймээс бэлтгэлтэй байх шаардлагатай.

Татгалзах цэгээ мэдэх — Ямар тохиолдол, нөхцөл байдалд хэлэлцээрээс холдож цааш үргэлжлүүлэх боломжгүй болох вэ гэдгээ урьдчилан тооцсон байх нь зүйтэй. Учир нь түүнээс цааш хэлэлцээр нь таны хувьд утга учиргүй болж дэмий цагаа үрж байгаатай адил болно. Тиймээс энэ цэгт хүрэхэд та түрүүлээд зогсоох хүсэлт тавих нь аль аль талаа бодсон зөв шийдвэр байх болно.

Урьдчилан бэлдэх — Олны өмнө илтгэл тавих үедээ бэлддэг шиг чухал хэлэлцээр тохиролцооны өмнө бэлтгэл хийж байх хэрэгтэй. Хэцүү нөхцөл байдалд орох магадлалтай учир болж магадгүй гэсэн нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэхээ бэлдэх нь зүйтэй. Хэн нэгэн хүнтэй урьдчилан бэлдэх нь танд маш тустай байх болно.

Дараагийн удаа хэн нэгэнтэй тохиролцох, хэлэлцээр хийх шаардлагатай тулгарах үедээ эдгээр 6 алхмыг хэрэгжүүлээрэй.