“Quiet Quitting”-тэй тэмцэх стрессийг удирдах 5 арга

January 1, 2024 Admin Comments Off

Ажлын байран дээрх стресс их байх тусам ажилтны бүтээмж буурдаг бол ажилдаа сэтгэл ханамжтай байх нь эсрэгээрээ бүтээмжийг нэмэгдүүлдэг. “Quiet Quitting” буюу чимээгүйхэн ажлаа орхих төлөвт шилжсэн ажилчдын ажлын байран дахь стресс нь цаашлаад сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэдэг. “Quiet Quitting” гэдэг нь аливаа ажилтан ажлын байраа хадгалах төдий аль болох бага ажил хийхийг хичээхийг хэлэх бөгөөд санаачлагаараа илүү зүйл хийхгүй байх явдал юм! Эдгээр ажилчдад байгууллагаа гэх сэтгэл үлдээгүй байдаг.

Одоогоор дэлхий дахинаа ажил хаялт огцом ихсэж байгаа ба байгууллагууд энэхүү “Great Resignation” буюу “Ажил хаялтын их үе”-ийн эсрэг арга хэмжээ авах нэн шаардлага тулгараад байна. Учир нь байгууллагын зардал хэвээрээ байгаа ч ажилчдын бүтээмжийн алдагдал мэдрэгдсээр байна. Энэхүү үзэгдэл улам цаашилсаар “Quiet Quitting” төлөвт шилжиж, ажилчид хариу үйлдэл үзүүлэхдээ удааширч, харилцаа холбоо нь муудан, ажлаа хугацаанд нь дуусгахгүй байх зэргээс болоод бусад ажилтнуудад нэмэлт стресс бий болгодог байна. Ингэснээр илүү олон ажилчид чимээгүйхэн ажлаа орхих үндэс үүсч, цаашлаад үйлчлүүлэгчдээ алдах, ашиг орлого багасах зэрэг гинжин нөлөөг бий болгодог.

Тэгвэл ажилчдын идэвх зүтгэлийг нэмэгдүүлэхийн тулд стрессийг бууруулж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ямар аргууд байдаг вэ? Ингээд байгууллагуудын аль хэдийн хэрэгжүүлээд үр дүнгээ өгөөд эхэлсэн 5 аргыг харцгаая:

  • Таатай ажлын орчныг бий болгох. Өнөөдөр хүмүүс өөрсдийн дуу хоолой нь сонсогдож, хөдөлмөр нь үнэлэгдэж байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг болсон. Хүн бүрийн оролцоо чухлыг мэдрүүлж, санал санаачлагыг нь хэлэлцэн авч үзэх нь тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, стрессийг бууруулахад ихээхэн тустай. Байгууллагууд ажилтнуудынхаа урам зориг, идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд нийтийг хамруулсан албан ёсны инновац, үйл явцыг сайжруулах, төлөвлөх, хүлээн зөвшөөрөхүйц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Эдгээр хөтөлбөрүүдийн явцад ажилтнуудаас ирсэн саналыг хүлээн авч сонсон, цаашлаад ажил хэрэг болгох үед тухайн ажилтнууд үнэлэгдсэн мэдрэмж авч идэвх зүтгэл нь нэмэгддэг.
  • “Work-Life Sway” ойлголтыг дэмжсэн орчинг бий болгох. “Work-Life Sway” гэдэг нь ажил амьдралын хоорондох зохистой урсгалыг хэлнэ. 2021 онд Форбс-оос хийсэн судалгаагаар ажилтнуудын 54% нь ажлаас авсан стресс долоо хоногтоо хамгийн багадаа нэг удаа хувийн амьдралд нь нөлөөлдөг гэсэн үр дүнг үзүүлсэн байна. Ажилтнуудынхаа идэвх зүтгэлийг ихэсгэх нэг арга бол тэдэнд ажил амьдралын тэнцвэрт байдлыг олоход нь туслах явдал юм. Ихэнх хүний хувьд ажил амьдралын тэнцвэрт байдлыг олох нь төвөгтэй байдаг. Яагаад гэвэл зарим өдөр, сар, хагас жилийн төслүүд юу юунаас илүү чухал байдаг бөгөөд маш их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг. Энэ тохиолдолд шалгарсан нэг арга нь “work-life sway” буюу ажил амьдралын зөв урсгалыг олох юм. Тухайлбал ажилтнууддаа ажлын цагаа зохицуулах боломжийг олгохыг хэлнэ. Жишээ нь ажилтан нэг төслийг дуусгах шаардлага гараад өнөөдөр 10 цаг ажилласан бол дараагийн өдөр нь зөвхөн 6 цаг ажиллах боломжтой байх явдал юм. Ингэснээр тухайн ажилтны долоо хоногт 40 цаг ажиллах нөхцөлд өөрчлөлт орохгүй ч өөрийн ажилдаа тохируулан ажлын цагаа уян хатан бий болгох нь стрессийг бууруулдаг байна.
  • Сайн дурын ажлыг дэмжих. Нийгэмд хүн өөрийн хувь нэмрээ оруулж байгаагаа мэдрэх үед маш их урам зориг авдаг. Төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан хандив өгөх явдал нь хүмүүст таатай мэдрэмж төрүүлдэг. Өөрийн ажилладаг байгууллага нь зөв зүйлийг дэмжиж, нийгэмд зөв үлгэр дууриалал бий болгож байгаа гэдгийг ажилчид мэдсэнээр тэд өөрсдөө нийгэмд сайн өөрчлөлт хийж байгаа мэт сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Энэхүү мэдрэмж нь стрессийг тайлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Байгууллагууд ажилчдадаа оффисоос гадуур өөрсдийн сонгосон сайн дурын хөтөлбөрт эсвэл байгууллагаас зохион байгуулж буй сайн дурын арга хэмжээнд оролцох боломжийг олгохыг зөвлөж байна.
  • Ажилтнуудад дасгал хийх нөхцлийг бий болгож, дэмжих. Биеийн тамирын дасгал нь тархины олон төрлийн бодисуудыг өдөөдөг учир хүнийг илүү аз жаргалтай, стресс багатай болгодог. Байгууллагууд эрүүл мэндийн клубүүдтэй хамтран ажиллаж эрүүл мэндийн хөтөлбөрийг бий болгож, хөнгөлөлт авах зэрэг боломжийг олгосноор ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьдаг гэдгээ харуулах боломжтой. Ажилчдыг фитнесээр хичээллэхийг нь урамшуулан, ажлын цагаар дасгал хийх боломж олгох нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Ажилтнууд хамт олонтойгоо дасгал хийж, эрүүлжихээс гадна стрессээ багасгах боломжтой болох юм.
  • Сургалтын хөтөлбөрүүдийг дэмжих. Ихэнх томоохон судалгаанууд нэг ижил үр дүнг үзүүлдэг. Энэ нь ажилтнууд байгууллага нь тэдэнд хөрөнгө оруулаасай гэж хүсдэг гэсэн байна. Хэрэв тэд өсөж хөгжих боломжгүй нэг байрандаа гацсан мэдрэмж авбал энэ нь стресс, сэтгэл ханамжгүй байдлыг бий болгодог. Тэд өөрсдийг нь хөгжүүлж байгааг мэдрэхийг хүсдэг. Байгууллага ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд албан ёсны зөвлөх хөтөлбөр, хөндлөнгийн сургалтын хөтөлбөрүүдийг бий болгох нь зүйтэй. Үүнийг хийж чадсан байгууллага дэлхий нийтэд асуудал болоод байгаа “Quiet Quitting”-тэй амжилттай тэмцэж ажилтнуудынхаа идэвх зүтгэлийг өсгөж чадна.

Чадварын хомсдол, стресст орсон ажилчид, бүтээмж буурах зэрэг нь олон байгууллагын оршин тогтнох чадварыг үгүй хийж байна. Энэ блогт хэлэлцсэн арга техникийг хэрэгжүүлэх нь ажлын байрны стрессийг бууруулж, ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар ажилчдыг эргүүлэн татах боломжтой. Ажилтнуудаа ажилдаа дуртай болгож эргүүлэн татаж чадвал тэд чимээгүйхэн ажлаа орхигчдын эгнээнээс гарч өөрсдийн хүчин чармайлт, сэтгэл зүтгэлээрээ байгууллагад давуу талыг бий болгодог.